ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
2025-10-09 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025/ДШМ/25
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: №7, 2025.05.27
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Тоймын агуулга: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч Ө.В-д холбогдуулан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/885 дугаар шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 2025/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасныг шүүгдэгч дахин зөрчин 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22:18 цагт Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт амьсгал дахь спиртийн агууламж 3,65 хувийн промилль согтолтойгоор тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээд шүүгдэгч Ө.В-г Эрүүгийн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан ялыг, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “...шүүдэгчид оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь гомдол гаргагчийн гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаад Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг дахин үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв тайлбарласан гэж дүгнэв. Учир нь:
Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн үйлчлэлд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилснаар шүүгдэгч Ө.В-гийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмөглөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоол
Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг