Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээн шийдвэрлэв
2025-10-09 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 2025/ДШМ/20 

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар : №8, 2025.04.15

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Тоймын агуулга:  Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  шүүгдэгч Д.Х-д  холбогдуулан  Баянхонгор аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр .... гэх газар байх өөрийн гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө зэвсгийн чанартай зүйл болох хутгаар иргэн О.А-гийн  биед  хатгаж хөнгөн хохирол,  иргэн Ц.Г-ийн  биед модоор цохих, өгзөг хэсэг рүү нь өшиглөх, зүүн цавь хэсэг рүү нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  тус тус учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээд  шүүгдэгч Д.Х-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, Эрүүгийн хуульд зааснаар  /1200/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хохирогч О.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг, хохирогч Ц.Г нь гэм хорын хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хохирогч Ц.Г эс зөвшөөрч "...хохирол төлбөрөө төлөөгүй хүнд торгох ял шийтгэж байгаа хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь гомдол гаргагчийн гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаад Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан торгох ялыг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнээд хохирогчийн Ц.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Анхан шатны шүүхийн  2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоол,

Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг