ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАСАХ НЭМЭГДЭЛ ЯЛЫГ НЭМЖ НЭГТГЭН ШИЙДВЭРЛЭВ
2025-10-07 Админ Хандсан тоо: 29 Хуваалцах
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025.08.19-ны өдрийн2025/ШЦТ/146дугаартай шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм №03,2025.09.24
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”
Дүүргийн прокурорын газраас иргэн А-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс А-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн талаар: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх талаар заагаагүй, А-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь хасаж, торгох эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэх”-ээр хуульд заасан.
Шүүгдэгч А-нь 11 сарын хугацаанд 3 удаагийн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан дээрх 4 төрлийн ялуудаас хорих ялыг сонгон оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Эрх хасах ял нь Эрүүгийн хуульд заасан ялын нэг төрөл ба уг ялыг нэмэгдэл ялаар хэрэглэдэг бөгөөд уг ялын тухайд шүүгдэгч А-нь өмнөх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж, нэг төрлийн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор нийт эдлэх ялын хэмжээг нь тогтоож шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол: https://shuukh.mn/single_case/123373?daterange=2025-01-01%20-%202025-09-25&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа