ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
2025-10-06 Админ Хандсан тоо: 28 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2025/ДШМ/06 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шүүхийн шийдвэрийн тойм: №3, 2025.02.19
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Шүүгдэгч З.Г нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын... дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.С-ыг бусадтай хардаж зодсоны улмаас хохирогчийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны цус харвалт, баруун, зүүн, дээд, доод зовхийг хамарсан хамар, хүзүү, цээж, эрүү зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500/таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Шүүгдэгч З.Г нь давж заалдах шатны шүүхэд “... анхан шатны шүүхээс оногдуулсан таван зуун цагийн ялыг эдлэхэд амьдралын зүгээс хүндрэлтэй байна. Миний бие Улаанбаатар хотын нэгэн компанид жолоочоор ажилладаг шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялаар шийтгэж өгнө үү…” гэсэн гомдлыг гаргасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангах орхиж шийдвэрлэсэн.
Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухайд зааснаар “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгох ба З.Г нь хамтран амьдрагчийн бие махбодод халдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон болно.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч З.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоол
Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг