ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН “ШҮҮГЧИЙН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСТАЙ ХОЛБООТОЙ” ЗААЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ТУХАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН ТОЙМ
2025-05-20 Админ Хандсан тоо: 64 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт

Шийдвэрийн төлөв: Маргаан бүхий заалтыг түдгэлзүүлсэн.

Санамж: Энэхүү тойм нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Монгол улсын нэр бүхий иргэд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “...Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно...” гэж заасан нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гэж Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан.

Монгол Улсын Их Хурлаас ирүүлсэн тайлбарт тэтгэврийн насыг төрөлжүүлэх нь шүүх эрх мэдлийн залгамж чанарыг тэнцвэржүүлэх, шүүгчийн бүрэн эрхийн хугацаанд болон дараа нь улс төрийн дарамт шахалт үзүүлэхээс урьдчилан сэргийлэх шаардлагын хүрээнд үүсдэг учир маргаан бүхий зохицуулалтыг шүүгчид ялгавартай хандсан гэж үзэх боломжгүй гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтыг эрх зүйн тодорхой бус байдал үүсгэсэн, шүүгчээр томилогдсон насаар нь ялгаварлан шууд тэтгэвэрт гаргаж, бүрэн эрхийн хугацааг эрт дуусгавар болгох хууль зүйн нөхцөлийг бүрдүүлж, ижил эрх зүйн байдалтай адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа шүүгч нарт зохих үндэслэлгүйгээр тэгш бус нөхцөлийг тогтоосон, тохирсон байх зарчимд нийцэхгүй гэж үзсэн. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, хууль дээдлэх, эрх тэгш байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцээгүй байх бөгөөд шүүгчийн хараат бус байдлын баталгаа болон шүүгчийг тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл нь хугацаагүй томилох зарчмыг алдагдуулсан байна хэмээн дүгнэжээ.

Тойм бэлтгэсэн: Шүүхийн академи


 Цэцийн дүгнэлтийг дэлгэрэнгүй үзэх холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17430499694902