ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АБСОЛЮТ ЭРХ
2025-03-28 Админ Хандсан тоо: 40 Хуваалцах

Шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 128/ШШ2024/0010

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын агуулга: Нэхэмжлэгч Г-ээс “...Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсгийг хүчингүй болгосон байхад уг зохицуулалтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэг удаагийн тэтгэмжийн олгохгүй байгаа нь эрх зөрчсөн.” гэж маргасан.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газраас “...Г нь нийтдээ 21 жил, 7 сар, үүнээс 17 жил ажилласан боловч ажилласан жил нь тасарч сүүлийн 2 жил 5 сар 24 өдөр ажилласан. Тухайн иргэний тэтгэвэр тогтоолгосон үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ... журмын 1.2 дахь хэсэгт заасан шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй тул тусламжийг олгох боломжгүй тул олгоогүй” гэж тайлбарлажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч ... нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэсэн нь Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсон.

Г нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалд нийтдээ 21 жил, 7 сар, үүнээс 17 жил ажилласан бөгөөд түүнийг өндөр насны тэтгэвэрт гаргах тушаал гарснаас хойш ч бага ангийн багшийн ажлаа үргэлжлүүлэн хийжээ.

Иймд шүүхээс Г-ийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”, 5/ “өндөр наслах, ... ... эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “... төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол ... нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1-д ”... тэтгэвэр, тэтгэмж авах;” эрхийг сэргээн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/14598?daterange=2023-12-21%20-%202025-03-25&id=1&court_cat=3&bb=1

Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн