ТӨСВИЙГ ХЭМНЭЛТГҮЙ, ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН ЗӨРЧЛИЙГ УДАА ДАРАА ДАВТАН ГАРГАСАН НЬ АЛБАН ТУШААЛААС ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ
2025-03-28 Админ Хандсан тоо: 42 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 109/ШШ2024/0040

Тоймын огноо, дугаар: 2025 оны 3 дугаар сарын 18, Дугаар 6

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Н-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны … дугаар сарын …-ний өдрийн “Н-ийг албан тушаалаас огцруулах тухай” … дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин …төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н нь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг гаргасан болохыг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн шаардлага, мөн тус аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагуудаар тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгч Н нь Архангай аймгийн ….сумын Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийг төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан гэж үзэн сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргасан хариуцагч аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийджээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн тул дээрх зөрчлүүдэд холбогдуулж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргах боловч захиргааны байгууллага (албан тушаалтан) буюу сумын Засаг дарга нь хууль ёсны буюу хууль, тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй ба тухайн шатны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа гэх үндэслэлээр хууль зөрчсөн (дээрх албан шаардлагад дурдсан санхүүгийн зөрчил) шийдвэр гаргах эрх хэмжээгүй, дээрх үндэслэлийг зөвтгөх хууль зүйн боломжгүй гэж дүгнэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/17588?daterange=2024-01-01%20-%202025-03-17&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.