О.ЖАМЪЯНСҮРЭН, С.ГАЛ-ЭРДЭНЭ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ
2025-03-28 Админ Хандсан тоо: 50 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №6
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйл, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жамъянсүрэн, С.Гал-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд: “Хахууль өгөх, авах гэмт хэргийн зарим шинж, сэдэлт, зорилго”-д хамааруулсан “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулсан” гэх цаг хугацааны асуудлыг бодитой, эргэлзээгүй нотлон тогтоох ажиллагаа учир дутагдалтай, зарим нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгах журам зөрчигдсөн байгааг зөвтгөх үндэслэлгүй болжээ. 

Тухайлбал, прокуророос, дээрх зөрчлийн хэргийг удаашруулсан гэх хугацааг 2023.07.12-ны өдрөөс 2023.08.07-ны өдрийг хүртэл гэж, харин шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс “тухайн зөрчлийн хэргийг наадмын амралтын өдрүүд дууссаны дараа 2023.07.19-нд шүүхэд шилжүүлсэн, шүүх хурал 2 удаа хойшилсон, тухайн шүүхээс зөрчлийн хэргийг 7 хоногийн 1 өдөрт буюу 4 дэх өдөр шийдвэрлэхээр тогтсон байдаг” гэх зэргээр харилцан мэтгэлцсэн, энэ талаар гомдлын ба зарим мэдүүлэгт тусгагдсан байх боловч хавтаст хэрэгт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн зөрчлийн хэргийг анх хэзээ хүлээн авсан эсэх, хэрхэн хуваарилагдсан эсэх, хэдэн удаа хойшилсон эсэх зэрэгт хамаарах нотлох баримтууд байхгүй буюу тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн байх тул хэрэг удаашруулсан гэх цаг хугацааны бодит байдлыг хийсвэрлэн шийдвэрлэх боломжгүй болно. 

Тус хэрэгт С.Гал-Эрдэнэд холбогдох хэрэгт шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяалах шүүхэд хүргүүлэх тухай Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2023.07.19-ний өдрийн албан баримт, С.Гал-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийн 2023.08.01-ний өдрийн шүүх хурлыг 1 удаа хойшлуулах тухай түүний өмгөөлөгч 2023.08.01-ний өдөр харьяалах шүүхэд гаргасан хүсэлт, баримт авагдсан, анхан шатны шүүх 2023.08.08-ны өдөр хуралдаж, зөрчлийн хэргийг буцааж шийдвэрлэхдээ 2023.08.07-ны өдөр хэргийг хүлээн авсан гэж бичсэн зэрэг нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй, зөрчилтэй байх тул тэдгээрийн аль нь хөдөлбөргүй үнэн болохыг үгүйсгэн няцаах эсхүл батлах талаар эргэлзээгүй, бодит дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Мөн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2023.07.19-ний өдрийн албан баримтад зурагдсан гарын үсэг нь тус тасгийн даргын бусад баримт бичигт зурагдсан гарын үсэгтэй зөрүүтэй байдал илэрсэн нь дээр дурдсанаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох, шалгах  журам зөрчигдсөн байгааг давхар  илэрхийлсэн болно. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, нотлох баримтын стандарт шаардлага зарим талаар зөрчигдсөн, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “хууль ёсны ба үндэслэл” бүхий байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. Энэ нь дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр биш болохыг тэмдэглэж байна.  

 Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.ГАНБААТАР