ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хариуцагч шинээр томилогдсон бол шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно
2025-03-25 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.01.-ны өдрийн 109/Ш32024/0057
Тоймын огноо, дугаар: 2025 оны 02 дугаар сарын 25
Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Д нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэндээ: “..хариуцагчийг шинээр томилогдож, .. бичгээр тайлбар гаргах хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг .. хойшлуулах .. хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд танхимаар биечлэн оролцох болон шүүх хуралдааны өмнө хэргийн нотлох баримттай биеэр дахин танилцах боломжоор хангагдах хүсэлтэй байна.” гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн хангаж, уг захиргааны хэргийн оролцогч хариуцагч Т сумын Засаг дарга томилогдсон эсэхийг тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь, Аймгийн Засаг дарга нь Т сумын Засаг дарга А-г чөлөөлж, нэр дэвшигч Б-г тус сумын Засаг даргад томилсон захиргааны актыг гаргасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн ..., сум, .... Хурлаас нэр дэвшүүлж, ... сум, ... Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; ... Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг ..., сум, ... Засаг даргаар аймаг, ... Засаг дарга, ... томилно.” гэж тус тус зохицуулсан.
Уг хэрэг маргаанд хариуцагч болох Т сумын Засаг дарга шинээр томилогдсон байх тул хариуцагч Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлэх, хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх уг нөхцөл байдал нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа