ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХДОО ТУХАЙН ЭЗЭМШИГЧИД МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ
2025-03-25 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0006 дугаартай шийдвэр
Тоймын огноо, дугаар: 2025 оны 02 дугаар сарын 24, Дугаар 02
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийн мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч А -аас Г сумын Засаг даргад холбогдуулан “...Г сумын Засаг даргад гомдол гаргасан боловч дахин сэргээх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Эзэмшлийн газраа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Тус аймгийн Г сумын Засаг дарга нь 20..оны .. дүгээр сарын ..-ний өдрийн А/118 дугаартай захирамж гаргахдаа надад миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нэг ч удаа мэдэгдээгүй гэж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч тал иргэн А нь газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш газрыг бодитой эзэмшээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, .. А/118 дугаар захирамжийг хууль ёсны гэж үзэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд тодруулсны дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжтой гэж үзэж, Захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хуульд тогтоомжинд нийцээгүй шийдвэр гаргасан гэж дүгнэв. Учир нь,
Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө Арван зургадугаар зүйл 3/ .., үл хөдлөх хөрөнгөөр шударгаар олж авах, эзэмших, ... эрхтэй гэж хуульчилсан бөгөөд иргэн хуульд заасан үндэслэлээр тухайн маргаан бүхий газраа шударгаар эзэмших эрхтэй.
Газрын тухай хуулийн тухай хуулид зааснаар газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг. А өөрийн эзэмших газрын .... дугаартай эрхийн гэрчилгээтэй, тухайн газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх бөгөөд захиргааны байгууллага нь газар эзэмшигч А-д эзэмшил газрыг нь хүчингүй болгох талаар мэдэгдэх үүрэгтэй.
Түүнчлэн иргэн А нь эзэмшиж байсан газарт төмс, хүнсний ногоо тарих зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.
Шүүхээс маргаан бүхий А/118 дугаар захирамжийн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул газар эзэмшигч А-ийн газар эзэмших эрх нь шууд сэргэх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрын төлбөрөө төлөх эрхтэй. Хариуцагч 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/18055?daterange=2025-01-01%20-%202025-02-24&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа