СУРГАЛТЫН ЗАР
"ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ МЕНТОРШИП" ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
2022-08-24 Админ Хандсан тоо: 261 ХуваалцахШүүгчийн мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих хүрээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Азийн сантай хамтран “Шинээр томилогдсон шүүгчийг чадавхжуулах менторшип" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Иймд Эрхэм шүүгч таныг уг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Хөтөлбөрийн зорилго нь туршлагатай шүүгч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон шүүгчтэй хуваалцах замаар түүнд ажлын байрандаа хурдан дасахад нь туслах, хуульд заасан бүрэн эрхээ мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний хөгжилд нь дэмжлэг үзүүлэхэд оршино
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:
Хөтөлбөрийг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл 6 сарын турш хэрэгжүүлнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР НӨЛӨӨ Ментор шүүгчийн хувьд:
1. Мэдлэг чадвар, туршлагаа хуваалцах замаар шинээр томилогдсон шүүгчид туслах;
2. Үндсэн ажил, ажлын орчноо солих замаар өөрийгөө шинэ зүйлд турших, өөрийгөө хөгжүүлэх;
3. Шинээр томилогдсон шүүгчийг чиглүүлж, зөвлөж, харилцаж, өөрийнхөө давуу болон сул талыг олж мэдэх;
4. Шинээр томилогдсон шүүгчийг мэргэжлийн болон хувь шүүгчийн хувьд өсөн дэвшихэд нь тусалж, сэтгэл ханамж авах;
5. Тогтсон заавар, чиглэлийн дагуу биш өөрийн арга барилаар чөлөөтэй хамтран ажиллах;
6. Өөрийн мэдлэг туршлага, нөлөөллийн үр дүнг хөтөлбөрийн үнэлгээ болон эргэх холбооны тусламжтайгаар дүгнэн мэдэх;
7. Шинээр томилогдсон шүүгчдээс суралцах.
Менти шүүгчийн хувьд:
1. Туршлагатай шүүгчээс биечлэн суралцах;
2. Өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудлаас бусад хууль хэрэглээний ойлголт, тулгамдсан асуудлаар санал солилцох;
3. Шүүгчийн хувьд биеэ авч явах, ёс зүйтэй ажиллах талаар бодит туршлагаас суралцах;
4. Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай үр дүнтэй харилцах зэрэг танхимын сургалтаар олж авахгүй мэдлэг чадварыг эзэмших;
5. Насан туршийн сайн харилцаатай байх зөвлөгчийг олж авах;
6. Мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх
МЕНТИ ШҮҮГЧИД ТАВИХ ШААРДЛАГА:
1. Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон, эсхүл шүүгчээр ажиллаад 3 хүртэл жил болж байгаа Шинээр томилогдсон шүүгч байх;
2. Хөтөлбөрт оролцож, туршлагатай шүүгчээс суралцах цаг хугацааг өөртөө гаргах, өөрийгөө дайчлах хүсэл эрмэлзэлтэй;
3. Ажилдаа богино хугацаанд дасах, байр сууриа олох, шүүгчийн ажлын онцлог, соёлыг ойлгож мэдэхэд туршлагатай шүүгчээс үлгэр дуурайлал авч суралцах хүсэлтэй;
4. Хуульд заасан бүрэн эрхээ мэргэжлийн өндөр түвшинд, ёс зүйтэй хэрэгжүүлэх чин эрмэлзэлтэй;
5. Хувь хүний хөгжил, биеэ авч явах дадал, ёс зүйг эрхэмлэн сахихын ач холбогдол, нийгмийн мэдрэмж, бусадтай харилцах арга барил зэрэг асуудлаар туршлагатай шүүгчийн мэдлэг, туршлагаас суралцах хүсэлтэй;
6. Хувийн зохион байгуулалтаа сайжруулах хүсэлтэй;
7. Мэргэжлийн болон карьерын хувьд хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
8. Тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй.
МЕНТОР ШҮҮГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Шинээр томилогдсон шүүгчдийн чадавхыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзэлтэй;
2. Шүүгчээр 10-аас дээш жил ажилласан, шүүн таслах ажлын чиглэлээр арвин дадлага туршлагатай шүүгч, ахмад шүүгч;
3. Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг эзэмшсэн, эсхүл эзэмших хүсэл эрмэлзэлтэй;
4. Хөтөлбөрт оролцогчидтой хамтран ажиллах, хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэх, мэдлэг бүтээх үйл явцыг удирдан явуулах чадвар, туршлагатай байх, энэ талаар суралцах хүсэл эрмэлзэлтэй;
5. Оролцооны идэвхтэй аргуудыг ашиглан мэдлэг, мэдээллээ хуваалцах талаар зохих мэдлэг, туршлагатай байх.
6. Харилцааны болон шүүгчийн, багшийн ёс зүйн шаардлагыг хангасан байх;
7. Хувь хүний зохион байгуулалт сайтай, сайн сонсогч, чиглүүлэгч, удирдагч, сургагч, үлгэрлэгч байх;
8. Хөтөлбөрийн үнэлгээ хийх арга зүйг эзэмшсэн, оролцогчдын мэдлэг, ур чадварын өөрчлөлтийг бодитой үнэлдэг байх.
БҮРТГЭЛ: Хөтөлбөрт оролцох сонирхолтой залуу шүүгчид энд дарж хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлнэ үү.
Хөтөлбөрт оролцох сонирхолтой ментор шүүгчид энд дарж хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төв (утас: 51-263239)-өөс лавлана уу.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ