ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих, Санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийн маргааныг эцэслэн шийдвэрлэжээ
2025-01-27 Админ Хандсан тоо: 174 ХуваалцахТавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг өмнө нь 2 удаа зарласан боловч “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэх үндэслэлээр амжилтгүй болж, улмаар 3 дахь удаагаа Эрчим хүчний яамнаас 2023.06.12-ны өдөр зарлаж, 2023.07.27-ны өдөр нээжээ.
Тус тендерт “Чайна вэстэрн павр индастриал” ХХК, “Майнс ап” ХХК, “Бээжин бэйжонг уурын турбин генератор” ХХК-ууд түншлэл болж, “Митайм интернэйшнл” ХХК дангаар оролцсон байна.
Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос “Митайм интернэйшнл” ХХК-ийн тендерийг хамгийн бага харьцуулах үнэтэй “хамгийн сайн” гэж үзэж, уг компанийг 2 удаа шалгаруулсан, гуравдагч этгээдийн түншлэлээс шийдвэрийг эс зөвшөөрч 2023.08.22, 2023.09.18-ны өдөр тус тус Сангийн яаманд гомдол гаргажээ.
Хариуцагч Сангийн яамнаас дээрх гомдлыг хянаж үзээд дээрх шийдвэрүүдийг 2023.09.05-ны өдрийн 03/6541, 2023.10.02-ны өдрийн 03/7259 дугаар албан бичгээр тухай бүр хүчингүй болгон шийдвэрлэж, улмаар дахин үнэлгээ хийхийг Эрчим хүчний яаманд мэдэгдсэн байна.
Үүний дараа Тендерийн үнэлгээний хорооны 2023.10.20-ны өдрийн хуралдаанаас “... цаг хугацааны хувьд тус тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийг сонгон шалгаруулах боломжгүй болсон тул тус тендерийг хүчингүй болсонд тооцох ...”-оор шийдвэрлэсний дагуу Эрчим хүчний яамнаас 2023.10.26-ны өдрийн в/3577 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (2023.11.01-нд)
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн түншлэлийн аль аль нь “хамгийн сайн” тендер ирүүлсэн тул шалгаруулж, гэрээ байгуулахаар маргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Эрчим хүчний яамны 2023 оны в/3577 дугаартай мэдэгдэл болон Тендерийн үнэлгээний хорооны 2023.10.20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгож”, үлдэх “Сангийн яамны шийдвэрүүд, түүнтэй холбоотой” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин гуравдагч этгээдийн түншлэлийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасан байна. (Анхан шатны шүүхийн шийдвэртэй энд дарж танилцана уу)
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн “... гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. (Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй энд дарж танилцана уу)
Хяналтын шатны шүүх (УДШ)-ээс хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн түншлэлийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын (Эрчим хүчний яам, тус яамны Тендерийн үнэлгээний хороо хяналтын шатны шүүх хуралдаанд дэмжсэн) хяналтын гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн түншлэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн.
Нэхэмжлэгч “Митайм интернэйшнл” ХХК-ийн хувьд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “тендерт оролцогч нь сүүлийн 5 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх”, мөн ТШЗ 17.6.4-т “сүүлийн 10 жилийн хугацаанд ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагын шаардлага” /450МВт-ын цахилгаан станц барьсан байх/-ыг хангаагүй тул түүний ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж үзэхгүй, энэ талаар дүгнэсэн Сангийн яамны шийдвэр хууль зөрчөөгүй байна.
Гуравдагч этгээдийн хувьд түншлэлийн оролцогч “Чайна вэстэрн павр индастриал” ХХК 1.1 тэрбум юаны зээлтэй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д заасан санхүүгийн чадавхыг, мөн түншлэлийн оролцогч “Майнс апп” ХХК нь ТШЗ 17.6.4-т заасан “сүүлийн 10 жилийн хугацаанд ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагын шаардлага”-ыг хангаагүй гэж үзсэн хариуцагч Сангийн яамны шийдвэртэй маргаагүй атлаа Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гэрээ байгуулах зөвлөмж гаргах, улмаар яаманд гэрээ байгуулахыг даалгах агуулгаар бие даасан шаардлага гарган маргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэгэнт дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй энэ тохиолдолд “тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир тендер шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй” гэсэн Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгосноор маргаж буй талуудын эрх сэргэхгүй тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
ШҮҮХИЙН АКАДЕМИ