ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2025-01-13 Админ Хандсан тоо: 84 ХуваалцахШүүхийн академиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 2024 оны 4-р улирлын 110 дахь тусгай дугаар англи хэл дээр хэвлэгдэн гарлаа.
Энэхүү тусгай дугаар нь Захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал’’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн зочдын эрдэм шинжилгээний өгүүллэгүүд болон тус хурлын хөтөлбөрийг бүрэн эхээрээ багтсанаараа онцлогтой байна.
Англи хэл дээрх сэтгүүлийг энд дарж уншина уу.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Захиргааны хэргийн шүүх 20 жил:Захиргааны хэргийн шүүхийн хөгжил, төлөвшил-Алсын хараа” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлдээ “Шүүхийн үйл ажиллагаанд цахимжилтыг нэвтрүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбарчлах, цаг хугацаа хэмнэх, ачааллыг бууруулах, шүүхийн үйлчилгээг хэргийн оролцогч нарт чирэгдэлгүй болгох зорилго, зорилтод захиргааны хэргийн шүүхүүд манлайлан оролцоно” хэмээн илэрхийлсэн бол Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл “Захиргааны эрх зүйн тусгай ангийн системчлэлийн онолын асуудал” илтгэлдээ Захиргааны эрх зүйн тусгай ангийн хуулиуд болон салбар эрх зүйнүүд хэдий сайн системчлэгдэж зөв эрх зүйн тогтолцоог бүрэлдүүлнэ төдий чинээ Захиргааны хуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өснө” гэжээ. Мөн Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дахь хууль тогтоомжийн уялдаа, түүнийг системчлэх онолын асуудал” илтгэлээ Монгол болон Япон улсын жишгийг харьцуулан судалсаныг англи хэл дээр унших боломжтой.
Мөн тус эрдэм шинжилгээний хуралд Солонгос, Турк, Япон, Канад, Герман, Сингапур зэрэг улсаас уригдан ирж “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн зочдын илтгэлүүдийг англи хэл дээр уншиж танилцах боломжтой болж байна.
Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар манай вэбсайт болон www.legaldata.mn-ээс цахим хэлбэрээр унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ