ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БАЙГАА СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИД ТЭТГЭМЖ ОЛГОХГҮЙ
2024-12-03 Админ Хандсан тоо: 21 ХуваалцахШийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын огноо, дугаар: 2024 оны 11 дүгээр сарын 25, Дугаар 09
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Н-ээс тус аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын актаар “... Хууль зөрчин олгосон 4,254.0 мянган төгрөгийг Төрийн сангийн орон нутгийн орлогын 100050000982 тоот дансанд төвлөрүүлэх”-ийг А сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогчид хариуцуулжээ.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчээс: Засаг даргын орлогч бол Засаг даргатай адил улс төрийн албан тушаал, адилхан сонгуулийн дүнд албан тушаалаас чөлөөлөгддөг, өмнө нь ажиллаж байсан хүмүүс нэг адил тэтгэмж авч байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: - Засаг даргын Тамгын газар нь сумын Засаг даргын орлогчид сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 4 сая төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасныг зөрчсөн гэж тус тус маргадаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд “...бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн” бол албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар заажээ.Төрийн албаны харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Төрийн албаны тухай хуульд Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан хаагч гэж заасан байх боловч түүнийг сонгуулийн үр дүнгээр албан тушаалаас чөлөөлөхөд тэтгэмж олгох талаар зохицуулаагүй байна.
Дээрх хуулийн заалтуудаас харвал Засаг даргын орлогчийг Засаг даргатай адилтган үзэж тэтгэмж олгох зохицуулалт тусгагдаагүй гэж үзнэ. Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчимтай тул захиргааны байгууллага хуульд тусгагдаагүй буюу хуулиар зөвшөөрснөөс бусад тэтгэмж, тэтгэлгийг төрийн албан хаагч эсхүл иргэнд олгох хууль зүйн үндэслэлгүй.
Иймээс нэхэмжлэгчийн “...Засаг даргын орлогч бол Засаг даргатай адилхан улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогдож чөлөөлөгддөг улсын төрийн албан хаагч тул тэтгэмж авах эрхтэй” гэсэн тайлбараар тус аймгийн Төрийн аудитын газрын актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.