ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭТГЭЭД ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ТӨРИЙН АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ
2024-12-03 Админ Хандсан тоо: 21 ХуваалцахШийдвэрийн дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2024 оны 11 дүгээр сарын 25, Дугаар 08
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д намын хорооноос сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 01 тоот тогтоолын хавсралтад заасан С-ыг нэр дэвшигчээр бүртгэснийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах"
Сумын сонгуулийн хорооноос 2024 оны 01 тоот тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг хавсралт жагсаалтаар баталжээ.Нэхэмжлэгчээс: “...С төрийн албан тушаал хашиж байсан тул албан тушаалаас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл чөлөөлөгдсөн шийдвэр байхгүй байхад сумын сонгуулийн хороо нэр дэвшигчэр бүртгэсэн нь хууль бус”, хариуцагч, гуравдагч этгээд нараас: “...нэр дэвшигч ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан, энэ хугацаанд ажлаа хийгээгүй амарч байгаад чөлөөлөгдсөн, сумын Засаг дарга захирамж гаргаагүй буруутай” гэж тус тус маргадаг.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвших этгээд төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар заажээ. Нэр дэвшигч С нь сумын төрийн үйлчилгээний байгууллагын даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр сумын Засаг даргад албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Сумын Засаг дарга ажилтнуудынхаа ээлжийн амралтын хуваарийг баталж С-д 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ээлжийн амралт олгож, үүний дараа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С-ыг албан тушаалаас чөлөөлжээ.
Иймээс “албан тушаалаас чөлөөлөгдсөн байна” гэсэн хуулийн шаардлагыг С-ын ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдөл хангахгүй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал хашиж байсан бол тухайн албан тушаалаас чөлөөлсөн томилох эрх бүхий этгээдийн шийдвэрийн хуулбарыг Сонгуулийн хороонд ирүүлсэн байх зохицуулалттай байна.Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчин С-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн байх тул түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.