ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХДЭЭ АНЗЫН ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ УЧРААС ХОЖИМ АЛДАНГИ ГАРГУУЛАХААР ШААРДАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ.
2024-12-04 Админ Хандсан тоо: 34 ХуваалцахШийдвэрийн огноо, дугаар: 2024.09.27, 131/ШШ2024/00794
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 03, 2024.12.06
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”
Тоймын агуулга: Нэхэмжлэгч Л.О нь “Газрын үнийг тохирсон хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацааны 127 хоногийн алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Б нь “Газрын үнийг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 449/2 дүгээр захирамжаар Д.Н-д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн Чандмань-2 гудамжны 208 хаягт байрлах, 864 м/кв талбайтай газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч Л.О, түүний нөхөр Д.Н нар нь хариуцагч Х.Б-ай анх дээрх 864 м/кв талбайтай газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа анз/алданги/ төлөх талаар тохиролцоогүй байна.
Тодруулбал газар эзэмшигч Д.Н нь дээрх 864 м/кв талбайтай газрын эзэмших эрхээ хариуцагч Х.Б-д шилжүүлэх гэрээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулжээ.
Энэхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд анзын талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгч Л.О-гийн нөхөр Д.Н болон хариуцагч Х.Б нар нь анхнаасаа үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна.
Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд үүрэг гүйцэтгэгч анх гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл байдаг тул зохигчийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 0969 дүгээр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-гээр алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй.
Зохигч хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний тухайд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзын гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч Л.О-ийн хариуцагч Х.Б-д алданги 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.