ШҮҮХЭЭС ГАРАХ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ХАНГАХААС ТАТГАЛЗАВ
2024-12-03 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.06.20 №131/ШЗ2024/01622

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2024.12.09, Процесс хураангуй-01 

Нэхэмжлэгч “С”  ХХК нь хариуцагч “Ө” ХХК-иас бетон зуурмагийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ шүүхээс гарах шийдвэрийн баталгаажуулах зорилгоор хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулах хүсэлт гаргажээ.

Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагч “Ө” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан.

Уг шүүгчийн захирамжид гаргасан гомдол хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гаргасан.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг гарсан өдрөөсөө эхлэн биелэлт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангагдана.

Хэргийн оролцогч гомдол гаргасан тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх талаар хуульд тусгайлан заагаагүй.

Энэхүү арга хэмжээ нь нэхэмжлэгч/сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагчийн, бие даасан шаардлагын тухайд гуравдагч этгээд/-ийн хүсэлтээр авагддаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч уг арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Дээрх тодорхой үндэслэлээр хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Санамж: Энэ тойм шүүхийн бүрэн гүйцэд шүүгчийн захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.