ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХАРИЛЦААГ ЦУЦАЛСАН ТУХАЙ ГОМДЛЫГ СУМЫН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРООГООР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭВ
2024-12-10 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.05.07 №131/ШЗ2024/01134

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2024.12.09, Процесс хураангуй-03

Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч “БХАНЭ”-т холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  шийдвэрийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан.

Энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Р.Д нь “БХАНЭ”-т холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдлоо гомдлоо хөдөлмөр эрхийн маргаан таслах комисс болон хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд шууд шүүхэд хандалгүйгээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргажээ.“БХАНЭ”-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ.

Уг хуралдааны тэмдэглэлд талууд гарын үсэг зурснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болжээ.Энэ тохиолдолд ажилтан Р.Д нь ажил олгогч “БХАНЭ”-т холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай урьдчилан шийдвэрлүүлэх гомдлоо сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргах шаардлагатай.

Гэвч ажилтан нь ажил олгогчид холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдлоо сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаагүй, талуудын хооронд үүссэн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмаар бүрэн шийдвэрлэгдээгүй байна.Иймд нэхэмжлэгч Р.Д-ын хариуцагч “БХАНЭ”-т холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай иргэний хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхийн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хянан шийдвэрлэж, зохих шийдвэр гаргаснаар уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.

Санамж: Энэ тойм бүрэн гүйцэд шүүгчийн захирамж биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.