АЖЛААС ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДСАН ХУГАЦААНД ӨӨР БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ АВСАН ЦАЛИН ХӨЛСИЙГ АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ НӨХӨН ОЛГОВРООС ХАСАХГҮЙ
2024-12-10 Админ Хандсан тоо: 23 Хуваалцах

Шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх,   2024.09.13 №758,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Иргэн А-аас “намайг тус аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаартай Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгуулах тухай тушаалаар физикийн багшийн ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг миний бие эс зөвшөөрч тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00903 дугаартай шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд маань ажил олгогч эгүүлэн тогтоосон боловч намайг 2024 оны 9 дүгээр сард ажлаас маань дахин чөлөөлсөн. Миний бие анх шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цалин хөлсөө нэхэмжилсэн боловч надад ажил олгогчоос ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон байх тул 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 6 сар 5 хоногийн олговорт 4,470,870 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна гэжээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгч А-г 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхөд ээлжийн амралтыг тооцож олгосон. Харин тэрээр 2023 оны 9 дүгээр сараас эхэлж тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар ажилд орж одоо хүртэл багшаар ажиллаж цалин хөлс авч байгаа тул тухайн хугацааны цалин хөлсийг давхар олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хариуцагч буюу ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан ч гэсэн нэхэмжлэгч А нь тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж тус сургуульд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс биологийн багшаар түр томилогдон хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилох хүртэл хугацаанд ажиллаж, цалин хөлс авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нэхэмжлэгч А-ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаа болох 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг олгох үүрэгтэй байна.

Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцлагдсанаас болж нэхэмжлэгч А нь өөр сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж, өөрийн мэргэжлээр бус өөр мэргэжлээр сурагчдад хичээл зааж зохих хөдөлмөрөө эрхэлж, эрхэлсэн хөдөлмөрийн үр дүнд тус сургуулиас олгосон цалин хөлс нь хариуцагч тус аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.

Ажилтан ажлаас халагдсан хугацаандаа өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж авсан цалин хөлс түүний өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт оруулан тооцох талаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулалт байхгүй байгаа тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн нэхэмжлэгч А-гийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаандаа өөр байгууллагад хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан тул тухайн хугацааны цалин хөлс олгох үндэслэлгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага багасгаж 4,470,870 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэж хариуцагч байгууллагаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,470,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл