ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХГҮЙ БАЙГАА НЬ БУРУУ БОЛЖЭЭ
2024-12-03 Админ Хандсан тоо: 38 Хуваалцах

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 109/ШШ2024/0014 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2024 оны 10 дугаар сарын 21, Дугаар 10

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус шүүхэд нэхэмжлэгч Б нь охин Г-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах, 2024 оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс хойш Г-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн олгохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “ ... Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэсний дагуу тэтгэврийг тогтооно...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгч Б нь иргэн А-тай 2017 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа охин Г-г төрүүлсэн. Улмаар А нь авто ослын улмаас нас барсан байна. Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б, А нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.Захиргааны шүүх нэхэмжлэгч Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Учир нь, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд тухайн иргэдийн хамтын амьдралтай байх хугацаанд төрсөн охин Г-гийн эцгийг А мөн гэж шүүх дүгнэв. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг төрсөн эцэг, эх төдийгүй хойд эцэг, эх, үрчлэн авсан эцэг, эх мөн адил хүлээдэг бөгөөд эдгээр хүмүүс нь хүүхдийг тэжээн тэтгэж байгаад эцэг, эх нь нас барсан бол хүүхдэд Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгоно.

Түүнчлэн Гэр бүлийн хуулиар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. Хүүхэд хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй. Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа