ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ШӨНИЙН ЦАГААР АРХИДАН СОГТУУРЧ, БУСДЫГ БҮЛЭГЛЭН ЗОДЖЭЭ
2024-12-05 Админ Хандсан тоо: 28 ХуваалцахЧингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Э, З нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэлээ.
Э,З нар нь бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд “Т” баарны гадна архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Э-г зодож, биед нь хоншоор ясны хөндлөн шугаман хугарал, дээд баруун 1,2, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 3-р шүдний цөгц хэсгийн ташуу хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, дээд уруул, эрүү, дух, баруун хацар, баруун зүүн өвдөгт зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, уруул салстад цус хуралт, шарх, нуруунд зулгаралт гэмтэл учруулсан. Эдгээр гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар “хүндэвтэр” хохиролд хамаарна.
Уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Э,З нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн. Харин Э, З нар нь тус бүр 23 настай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзаад нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг Э,З нарыг эрхэлсэн ажилгүй, шөнийн цагаар шалтгаангүйгээр архидан согтуурч, бусдад эрүүл мэндийн бөгөөд эд хөрөнгийн хохирол учруулж байгаа болохыг анхааруулж, Э, З нарыг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.
Тойм Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.