ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН АЛБАН ҮҮРЭГ, БҮРЭН ЭРХ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ӨӨРТӨӨ, БУСДАД ДАВУУ БАЙДАЛ БИЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2024-12-11 Админ Хандсан тоо: 55 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.26-ны өдрийн 221 дугаартай шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм № 2024.10.01
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Прокуророос Шүүгдэгч Д.Ч нь Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчин, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж ....... дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга Н.Б, үнэлгээний хорооны гишүүд Г.Н, Ц.З, Б.М, Д.Э нарын шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөн, Б сумын Засаг даргын тамгын газарт "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарахаас өмнө өөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрч Д.Э-ээс 45.000.000 төгрөгөөр худалдан авсан, ........УНО улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Д.Х” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “Б.Ж” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж, үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас Б.Ж ХХК-ийг ялагчаар шалгаруулсны дараа Б.Ж. ХХК-ийн төрийн банкны ..........тоот дансанд шилжүүлсэн 56.000.000 төгрөгөөс 50.250.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт Д.Х ХХК-нд 46.000.000 төгрөгийг шилжүүлж, “Д.Х” ХХК-нд 1.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4.250.000 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны 5007358269 тоот дансаар 500.000 төгрөг, өөрийн эхнэр О.Э-ийн хаан банкны ....... тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө, эдийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Б.М, Г.Н, Ц.З, Д.Э, Н.Б нар нь нийтийн албан тушаалтан буюу ........дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ч-ийн нөлөөнд автаж, түүний “тендерт оролцуулсан автомашиныг шалгаруулах” хүсэлтийг гүйцэлдүүлэх зоригоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Д.Ч-ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан, ..... УНО улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Д.Х” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “Б.Ж” ХХК-ийн нэр дээр тендерийн материал бүрдүүлэн тендерт дахин оролцуулахад нь үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “Б.Ж” ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Ч, Б.М, Г.Н, Ц.З, Д.Э, Н.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж,
Шүүгдэгч Д.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.М, Г.Н, Ц.З, Д.Э, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Ч-д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М, Г.Н, Ц.З, Д.Э, Н.Б нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр