ВАЛЮТААР АВСАН ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХДӨӨ ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮЕИЙН ХАНШААР ТООЦОЖ ТӨЛНӨ
2024-12-11 Админ Хандсан тоо: 42 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.10.04, 101/ШШ2023/04307

Тоймын дугаар, огноо: 2023.12.06, 210/МА2023/02114

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Болд нь “Б” банктай 2008 онд орон сууцны нөхцөл сайжруулах зээлийн гэрээ байгуулж, ам долларын урт хугацаатай зээл авсан ба зээлийг буцаан төлөхдөө ам доллараар төлөхөөр талууд тохиролцсон.

2023 он болоход зээлдэгч Болд нь зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул “Б” банк зээлийн төлбөрийн үлдэгдэл ам долларыг 2023 оны валютын ханшаар тооцон төгрөгт хөрвүүлэн шаардсан. Болд нь гэрээ байгуулсан үе буюу 2008 оны валютын ханшаар тооцон төлөх ёстой гэж маргасан.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь гадаад валют буюу ам долларын ханш өссөн, буурсанд хамаарахгүй, Монгол төгрөгийн ханш өссөн, буурсан тохиолдолд хамаарна.

Нэгэнт талууд зээлийн гэрээндээ үүргийг гадаад валютаар төлөхөөр тохиролцсон тул Болд нь төлбөр төлж дуусгах үеийн буюу 2023 оны валютын ханшаар тооцон төлбөрөө төлөх үүрэгтэй тул шүүх “Б” банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал