МОНГОЛЫН ГОЛ, НУУРУУДЫН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН НҮТББ-ЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТУХАЙ
2024-12-02 Админ Хандсан тоо: 25 Хуваалцах

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.11.06-ны өдрийн 128/ШЗ2024/9191

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 Шийдвэрийн төлөв: 2024.11.07 Процессын тойм

“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орано группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.“захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж ... энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;”, 18 дугаар зүйлийн 18.3.“... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд ... 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.” шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй. Тодруулбал,

1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-ын 2021, 2022, 2023 оны үйл ажиллагааны тайланг шүүхэд ирүүлснээс 2023 оны үйл ажиллагааны тайлан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага болох үйл ажиллагааныхаа тайланд тусгах асуудлуудыг тусгаагүй.

 2. “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-ын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар батлагдсан дүрмийн 6.3.“Гишүүн байгууллагын үүрэг:6.3.1.Хуваарийн дагуу хураамж төлөх”, Ес.“Нэгдсэн холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:9.1.Гишүүн байгууллагын хандив, хураамж” гэж тус тус зааснаас үзэхэд хандив, хураамжаар санхүүжиж үйл ажиллагаагаа тогтвортой явуулах эх үүсвэр болдог гэж ойлгогдож байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ нь 2021, 2022, 2023 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ирүүлээгүй, Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын X тайланг хүргүүлснийг дүрэмд заасан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.  Иймээс шүүх “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-ыг дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа