ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХУУЛЬД ЗААСАН ХЭЛБЭРИЙН ДАГУУ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ
2024-12-03 Админ Хандсан тоо: 28 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.07.23-ны өдрийн 128/ШШ2024/0593
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм: 2024.10.25-ны өдөр

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ХХ тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” албан бичгээр Т ХХК-ийн хариуцдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СС дугаар байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ҮҮ, ZZ дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах PP дугаар байр, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АА дугаар байрны хэрэглэгчдийг тус компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэжээ. Т ХХК нь дээрх албан бичгийг эс зөвшөөрч, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан тус албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс маргаан бүхий албан бичгийн хэлбэрт тавигдах /формаль/ эрх зүйн шаардлагыг хянаж, “хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлээр өөрт олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа зайлшгүй хорооны хурлыг хийж асуудлуудыг хэлэлцэх, улмаар хорооны хурлаас олонхын саналаар дэмжигдсэн асуудлаар тогтоол гаргах үүрэгтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/16336?daterange=2024-01-01%20-%202024-10-24&id=1&court_cat=3&bb=1  
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ