ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ӨМЧЛӨЛИЙН ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРАН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ НИЙСЛЭЛ ДЭХ ХОЁР ОРОН СУУЦНЫ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЭРХТЭЙ
2024-12-02 Админ Хандсан тоо: 31 ХуваалцахШүүхийн шийдвэрийн огноо, дугаар:2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0455
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
“Ш” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.Нэхэмжлэгч “Ш” ХХК-аас өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэхээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс түрээслэж ашиг олох зорилготой тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх боломжгүй гэж үзжээ.
Харин шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц;” гэж заасан нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэний дагуу “Ш” ХХК-ийг өөрийн өмчлөлийн 2 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/16484?daterange=2024-01-01%20-%202024-11-11&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат