ХЭРЭГЛЭЖ ДУУСАХ ХУГАЦААНЫ СҮҮЛИЙН ӨДӨР ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДСАН НЬ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО
2024-12-02 Админ Хандсан тоо: 26 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0544

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчаас “АЖ Т” ХХК-ийг “... хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... бүтээгдэхүүн худалдсан” гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг тус компани эс зөвшөөрч  “худалдан авагч бүтээгдэхүүний он сар өдрийг шалгаж авсан, хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтах бөгөөд хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй” гэж тайлбарлан маргасан. “АЖ Т” ХХК-ийн хүнсний сүлжээ дэлгүүрт худалдаагдаж байсан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусах огноо бүхий “Манго коллаген” бүтээгдэхүүнийг мөн өдөр хэрэглэгч худалдан авсныг зөрчил шалган шийдвэрлэсэн улсын байцаагч тогтоосон байна.

 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах, хэрэглэх хугацаа дуусгавар болсон нь Зөрчлийн тухай хуульд “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... бүтээгдэхүүн худалдсан...”зөрчилд тооцогдох тул шүүхээс “АЖ Т” ХХК-д тус зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/16258?daterange=2024-01-01%20-%202024-11-20&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул