ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН 11 ДҮГЭЭР ХУРАЛД ОРОЛЦЛОО
2024-11-14 Админ Хандсан тоо: 336 Хуваалцах

  Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар БНСУ-ын Сөүл хотод 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан "Шүүхийн шинэчлэлт: Шүүхийн ирээдүйн үйл ажиллагаанд бэлтгэх, хүний эрх, техник технологи, үр дүнтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэх нь" сэдвээр Олон улсын шүүхийн сургалтын байгууллага (IOJT),  БНСУ-ын Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Шүүхийн боловсон хүчнийг бэлтгэх олон улсын 11 дүгээр бага хуралд оролцлоо. Энэ удаагийн хурлаар:

  • Хүний эрх, нийгмийн олон талт байдлын талаарх шүүхийн боловсрол (хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, үндэсний хуваагдал, цар тахлын асуудал);
  • Технологийн эрин дэх шүүхийн сургалтын тогтолцоо (зайн болон хосолсон шүүх хурлын сонсгол, хууль зүйн сургалт);
  • Шүүхийн институтийг хөгжүүлэх ба бэхжүүлэх, Хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хууль эрх зүйн асуудлууд: Хиймэл оюун ухаан ба Chat GPT, Хиймэл оюун ухаан ба шүүхийн ёс зүй;
  • Сургалтын шинэлэг арга зүй: Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд технологийн дэвшлийг хүлээн зөвшөөрөх;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө ба шүүхийн боловсрол, Шүүхийн хамтын ажиллагааны ирээдүй: IOJT гишүүдийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэв.

   Олон  улсын шүүхийн сургалтын байгууллага (IOJT) нь 2002 онд  үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхий даяар шүүхийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд  өдгөө 77 орны 120 гаруй гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж, шүүхийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх,  сургагч багш нарт үр дүнтэй сургалтын хөтөлбөр боловсруулах, багш нарын чадавхыг хөгжүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах стратегийг хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд олон улсын болон бүс нутгийн хурал зохион байгуулах, солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна. Шүүхийн академи нь Олон улсын шүүхийн сургалтын байгууллага (IOJT)-д 2022 онд элсэн орсон юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ