ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТЭНССЭН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ЯЛ ОНОГДУУЛАВ
2024-10-22 Админ Хандсан тоо: 202 ХуваалцахШийтгэх тогтоолын дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоол.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шүүхийн шийдвэрийн тойм дугаар №2024/
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 4 дүгээр сарын 02-ны шөнө согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б:С-н уг үйлдэлд нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгөөр торгох эсхүл 240 агаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялыг оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг (согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг 5 удаа гаргасан, согтолтын зэрэг хүнд, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн) харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Мөн шүүгдэгч Б.С нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэнсэнтэй байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ба гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 жил 06 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо