ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ТУХАЙН ХӨРӨНГӨ БАЙРЛАХ ГАЗРЫГ ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОСОН ШИЙДВЭРТ ТУСГАСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ БҮРТГЭНЭ
2024-10-22 Админ Хандсан тоо: 6 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2024.01.10-ны өдрийн 122/ШШ/2024/0003

Тоймын дугаар, огноо: №01, 2024.02.28

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Б-гээс “ ... өөрийн эзэмшлийн газар дээрээ хүлэмж, авто машины гарааш, мал бордох хашаа барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч улсын бүртгэгч бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б нь аялал жуулчлалын баазын зориулалттай өөрийн эзэмшлийн газар дээр барьсан хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч “газрын зориулалт зөрчиж баригдсан” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.  

Шүүх маргааныг хянан хэлэлцээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг эзэмших эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэх зохицуулалттай байх тул улсын бүртгэгчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, “Жуулчны бааз гэж байгаль, түүх соёлын нөөцөд түшиглэсэн, байршуулах, хоол, ундны болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх байгууллагыг хэлнэ” гэж тодорхойлсон ба уг үйлчилгээг явуулах зориулалт бүхий газарт баригдсан хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг газрын зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://shuukh.mn/single_case/14431?daterange=2024-01-01%20-%202024-02-29&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэрэнханд