ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦААГ СУНГУУЛААГҮЙ БОЛ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ДУУСГАВАР БОЛНО
2024-10-22 Админ Хандсан тоо: 5 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 118/ШШ2024/0028

Тоймын дугаар, огноо: 2024-09-25, №5

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга:

Нэхэмжлэгч Д нь А аймгийн Засаг даргад холбогдуулж “газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус” хэмээн үзэж маргаан үүсгэжээ.

Анх А аймгийн  З сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/102 дугаар захирамжаар “О” ХХК-с 900 м.кв, аялал жуулчлалын зориулалттай газрыг 2 жилийн хугацаатай эзэмших эрхийг иргэн Д-д шилжүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгосон.

Газрын тухай хуулинд зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар байсан боловч нэхэмжлэгч Д нь дээрх шаардлагыг хангасан хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй тул газар эзэмших эрх нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна.

Хариуцагч А аймгийн Засаг дарга нь  “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр Д-д газар эзэмших эрх олгосон 2020 оны А/102 дугаар захирамжийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар хүчингүй болгосон.

Анх “О” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгох гэсэн шаардлагыг тавиагүй мөртлөө, хожим нэхэмжлэгч Д-д уг газар эзэмших эрхийг шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосны дараа хуулийн дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутган газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах талаар эрх бүхий этгээдэд хандаж байгаагүй, газар эзэмших эрх нь нэгэнт дуусгавар болсон, газар эзэмшигчийнхээ хувьд хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон бөгөөд энэхүү үүргээ нөхөн биелүүлснээр ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.     

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://shuukh.mn/single_case/16226?daterange=2024-01-01%20-%202024-09-25&id=1&court_cat=3&bb=1