БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААНД БУЮУ 3 ЖИЛД 1 УДАА БАТЛУУЛНА
2024-10-22 Админ Хандсан тоо: 1 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0022

Тоймын дугаар, огноо: 2024-09-29, №6

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Нэхэмжлэгч Э ХХК  нь З аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг С сумын Засаг дарга баталсан, энэ нь 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй тул 2023 онд дахин шинэчлэн боловсруулах шаардлагагүй. Түүнчлэн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тухайн жилд хэрэгжих төлөвлөгөө бөгөөд нэгэнт 2023 он дууссан байх тул 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь цаг хугацааны хувьд ач холбогдолгүй, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагаваргүй байна гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон.

Харин  С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тусгай хэрэгцээнд авах тухай 000 дугаар тогтоол нь Ашигт малтмалын газар бүртгэгдээгүй, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцаагүй, бусад тогтоолуудаар газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ч тухайн тусгай хамгаалалтад авсан газарт хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй  байх тул хариуцагчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь Х хэмээх уул ус бүхий онгон дагшин байгальтай, иргэдийн шүтдэг овоо тахилгатай, С сумын төдийгүй Сартуул түмний шүтээн хайрхан уултай, тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан  гэх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.     

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://shuukh.mn/single_case/15876?daterange=2024-01-01%20-%202024-09-30&id=1&court_cat=3&bb=1