ХОХИРОГЧИЙН СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООЛГОХООР ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ
2024-10-22 Админ Хандсан тоо: 28 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн №298 шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо: № 04, 2024.05.24

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.О-г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хохирогч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2024.01.22-ны өдөр “сэтгэцэд учирсан хор уршгийг одоогоор тогтоолгох боломжгүй учир эрүүгийн хэргээ шийдвэрлүүлээд дараа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилнэ” гэх хүсэлтийг гаргаж байсан боловч 2024.03.06-ны өдөр “надад учирсан хор уршиг, үр дагаврыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх шинжилгээний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулж шийдвэрлүүлнэ” гэх хүсэлтийг гаргажээ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасны дагуу хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрхтэй.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан.

Шүүгдэгч Ц.О-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд энэ нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд заагдаагүй гэмт хэрэг учир Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх шаардлагатай байна.

Иймд шүүгдэгч Ц.О-д холбогдох хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.     

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://courtdornod.mn/site/decision_full/20