УРГАХ ЧАДВАРГҮЙ, ҮНДСЭЭРЭЭ БУЛГАРЧ УНАСАН УНАНГИ МОД ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭСЭН ҮЙЛДЛИЙГ ЦАГААТГАЖ ШИЙДВЭРЛЭВ
2024-10-22 Админ Хандсан тоо: 31 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2024.02.16-ны өдрийн № 53 цагаатгах тогтоол

Тоймын дугаар, огноо:  № 05, 2024.05.21

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос иргэн П.Б-г хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод, модон материал бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгохоор хуульчлагджээ.

Иргэн П.Б нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч бэлтгэн, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүх П.Б-ын ойгоос унанги буюу өвлийн их цас орох үеэр хугарч унасан, ургах чадвараа алдсан 3 ширхэг нарс модыг Ойн тухай хуульд зааснаар ойн цэвэрлэгээний зориулалтаар зөвшөөрөл авалгүй бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч түүний энэ үйлдлийн улмаас байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоог алдагдуулах үр дагавар үүсээгүй, эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт хохирол учраагүй гэж дүгнэн П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, П.Б-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://courtdornod.mn/site/decision_full/19