ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ОРОН НУТГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2024-10-17 Админ Хандсан тоо: 524 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь орон нутгийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд орон нутагт 4 бүсэд зэрэг зохион байгууллаа.
Архангай аймагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Дархан-Уул аймагт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум дахь сум дундын шүүх, Дорноговь аймагт Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх, Орхон аймагт Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид тус тус хамрагдахаар орон нутгийн сургалтыг бүсчилэн зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь хувийн эрх зүйд томоохон байр суурь эзлэх “Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлууд” зэрэг сэдвүүдийн хүрээнд 3 хоног үргэлжиллээ.
Сургалтыг Архангай аймгийн бүсэд Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Дархан-Уул аймгийн бүсэд Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа, Дорноговь аймгийн бүсэд Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Орхон аймгийн бүсэд Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа нар тус тус удирдан явуулав.
Шүүгчийн заавал судлах, 2 багц цаг хангах энэхүү сургалтад давж заалдах болон анхан шатны шүүхийн нийт 83 шүүгч хамрагдав.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ