ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГЫГ СОНГОСОН ТОГТООЛ ИЛТ ХУУЛЬ БУС БОЛОХ НЬ
2024-08-20 Админ Хандсан тоо: 386 ХуваалцахШүүхийн шийдвэрийн дугаар: 128/ШШ2024/0287
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
И.Д нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.М-д холбогдуулан “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 14 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 14 дүгээр тогтоолоор тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлож, хуралдааны дэгийг батлах, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг чөлөөлөх, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргыг сонгож, дүүргийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.
Улмаар Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж Ч.М-ыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгожээ.
Хуралдааныг товлох зарлах нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болох бөгөөд маргаан бүхий актад зурсан Г.О-гийн гарын үсэг хурлын даргын гарын үсэгтэй тохирохгүй болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэж үзэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцсон бөгөөд тус тогтоолын дагуу хуралдаж гарсан гэх Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол мөн хууль бус тул хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/15550?daterange=2024-01-01%20-%202024-08-06&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн