ТАТАН БУУГДАЖ БУЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС АВАХ АВЛАГЫН ТАЛААРХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ЗӨВХӨН ТАТАН БУУЛГАХ КОМИССТ ГАРГАНА
2024-08-20 Админ Хандсан тоо: 325 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 638 дугаар магадлал

Тоймын дугаар, огноо: 2024.06.27 №6

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

“Б” ХХК нь “А” ТӨХК-тай 2013.04.26-ны өдөр  түрээсийн гэрээ байгуулсан ба “А” ТӨХК нь түрээсийн төлбөр 207,515,000 төгрөгийг төлөөгүй байна. Монгол Улсын Засгийн газраас /цаашид “Засгийн газар” гэх/ 2018 онд “А" ТӨХК-ийг татан буулгаж, татан буулгах комисс байгуулагдан өр төлбөрийг барагдуулах ажиллагаа явагдаж байгаа. “Б” ХХК нь дээрх төлбөрийг татан буулгах комиссоос шаардахад,  комисс  уг төлбөрийг төлөхгүй гэсэн хариу өгчээ.

Улмаар “Б” ХХК нь Засгийн газрыг “А” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар  хариуцагчаар тодорхойлж дээрх төлбөрийг алданги 100,000,000 төгрөгийн хамт нийт 307,515,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “татан буулгах комисс ажиллаж байгаа, тухайн комисст хандаж шийдвэрлүүлэх боломжтой” гэж маргажээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлээс 74,5151,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас “А” ТӨХК-ийг байгуулсан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь хэсэгт зааснаар тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлдэг. Засгийн газар нь “2018 онд “Төрийн өмчийн зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай” 9 дүгээр тогтоолоор “А” ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, мөн хуулийн 23 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар “А” ТӨХК-ийг татан буулгах комиссийг томилсон ба уг комисс ажиллагаагаа явуулж байгаа нь тогтоогдсон.

Комисс нь хуульд зааснаар “А” ТӨХК-ийг татан буугдаж байгааг нийтэд мэдээлж, өр, авлага бүхий этгээдэд мэдэгдэх, нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авч, хуульд заасан дарааллын дагуу зохих төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах учиртай. Улмаар “А” ТӨХК-аас шаардах авлагатай холбоотой нэхэмжлэл, өргөдлийг гаргах болон өр төлбөрийг  барагдуулах журмыг хуульд тусгайлан зохицуулсныг анхан шатны шүүх анхаараагүйгээс  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь буруу болжээ.

Иймээс Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар татан буулгах комисс нь татан буугдаж байгаа “А” ТӨХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж дуусгах журамтай тул шүүх уг комисстой зэрэгцсэн маргаан үүсгэхгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/28723?daterange=2023-03-27%20-%202023-03-27&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш