ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА 2 ЖИЛЭЭС ДЭЭШ БОЛ УГ ГЭРЭЭГ ХУГАЦААГҮЙ БАЙГУУЛСАНД ТООЦНО
2024-08-20 Админ Хандсан тоо: 257 Хуваалцах

Шүүхийн нэр: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх.

Шийдвэрийн дугаар: 2024.02.19 №210/МА2024/00339

Тоймын дугаар, огноо: 2024.08.19 №8

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч А нь хариуцагч “Э М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.Нэхэмжлэгч А нь шаардлагын үндэслэлээ “... хөдөлмөрийн гэрээний хугацааг төсөл үргэлжлэх хугацаа буюу үйл явдлаар гэж тодорхойлсон байсныг ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ өөрчилж, он, сар, өдрөөр болгон хугацаа заасан нь гэрээний нөхцөлийг дордуулсан” гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч татгалзлын үндэслэлээ “...тус компани “Оюу толгой” ХХК-иас зарласан тендерт оролцож уурхайн өрөмдлөгийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээ явуулах хугацаатай гэрээ байгуулдаг тул ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан” гэж тайлбарлан маргажээ.Анхан шатны шүүх нэхэмжлэгч А-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Шүүх нэхэмжлэгч А-г хариуцагч компанид нийтдээ 2 жил, 2 сар ажилласан гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасан зохицуулалтад нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тодруулбал, талууд хөдөлмөрийн гэрээг хуанлийн жил, сар, өдрөөр байгуулсан бөгөөд гэрээ анх байгуулсан хугацаа болон сунгасан хугацааг тоолоход нийлбэр нь 2 жил 2 сар болсон тул хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсанд тооцох нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн. 

 Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/case_davah_engine/29518

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг