СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУДАЛДААЛАХ ЗОРИЛГОГҮЙГЭЭР ХАДГАЛСАН, БУСДАД ӨГСӨН, ОЛЖ АВСАН ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭД ОНОГДУУЛСАН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
2024-06-17 Админ Хандсан тоо: 137 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн магадлал №2024/ДШМ/15

Тоймын дугаар, огноо: № 8, 2024.03.12

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Прокуророос шүүгдэгч Ө.Б,Н.С, Э.М нарыг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б, Н.С, Э.М нараас “…оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөрчилж өгнө үү” гэж, хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүгдэгч Ө.Б, Э.М, Н.С нар урьд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан ба өөрсдийн гэм буруутай үйлдлээ ойлгож, ухамсарлалгүй дахин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан, тэдэнд оногдулсан 1 жил хорих ял нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж үзэж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа