АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ОНОГДУУЛСАН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
2024-06-17 Админ Хандсан тоо: 170 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.03-ны өдрийн магадлал №2023/ДШМ/19

Тоймын дугаар, огноо: №46, 2023.10.16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Прокуророос шүүгдэгч Д-г 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт … тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс уг машинд сууж, явсан С-ийн амь насанд аюултай гэмтэл учирч, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож 1 жил 3 сар хорих ял оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн тул оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, мөн оногдуулсан хорих ялыг тэнсэх нь шүүхээс зайлшгүй хэрэглэх хуулийн зохицуулалт биш гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17389?daterange=2023-01-01%20-%202023-10-22&id=2&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа