ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 6.7 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮНД ХҮЛЭЭЛГЭХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫГ ХӨНГӨРҮҮЛЭХ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРМЫГ ШҮҮХ ЗАЙЛШГҮЙ ЗААВАЛ ХЭРЭГЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ БИШ
2024-06-17 Админ Хандсан тоо: 117 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.18-ны өдрийн магадлал №2023/ДШМ/20

Тоймын дугаар, огноо: №46, 2023.10.20

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Прокуророос шүүгдэгч Д нь хамтран амьдрагч С-г бусадтай архи уулаа гэж шалтаглан зодсны улмаас хохирогч тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан гэж яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 8 жилийн хорих ялыг оногдуулж шийтгэсэн.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн асуудал дээр маргахгүй, шүүгдэгчийн хувьд өөрөө эрүүл мэндийн хувьд асуудалтай, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь хохирогч шууд үхэлд хүрээгүй, амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас эмчлэгдэж байгаад нас барсан нөхцөл байдал, хохирогчид оршуулгын зардлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчмын дагуу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдсан.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-т зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох боловч энэ нь шүүхээс зайлшгүй, заавал хэрэглэх зохицуулалт биш бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17390?daterange=2023-01-01%20-%202023-10-22&id=2&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс