ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮЙЛДЛИЙГ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЖ ШИЙДВЭРЛЭСНИЙГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭВ
2024-06-17 Админ Хандсан тоо: 92 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.22-ны өдрийн магадлал №2023/ДШМ/10
Тоймын дугаар, огноо: №37
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Прокуророос Х.Г-г эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байхдаа хохирогчид эрүү шүүлт тулгасан буюу эрүүлжүүлэх байранд, хохирогч Д.О-д бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож, эрүү шүүлт тулгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрүү шүүлт тулгасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүдэн шүүж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэснийг хөнгөрүүлэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж, торгох шийтгэл оногдуулсныг, эс зөвшөөрч Х.Г-ээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж, өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г нь хохирогчийг эрүүлжүүлэх явцдаа … хүнлэг бус харьцаж биед нь гэмтэл учруулсан нь хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон эрүү, шүүлт тулгах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй зөв болсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон нөхцөлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэл болох ба шүүгдэгч Х.Г-ийн үйлдэл энэхүү гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр ийнхүү гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон.
Харин хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрчийн мэдүүлгээр хохирогч Д.О-г эрүүлжүүлэх байрнаас зугтааж гарах үед унаснаас түүний биед гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Г-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16784?daterange=2023-01-01%20-%202023-04-24&id=2&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа