ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮРЭЛЦЭН ИРЭЭГҮЙ ШҮҮГДЭГЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
2024-06-17 Админ Хандсан тоо: 138 Хуваалцах

Процессын тойм № 05

 

Шүүхийн нэр, шүүгчийн захирамжийн дугаар:  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/240 дугаартай захирамж,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шүүгдэгч Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын  03-ны өдрийн 14:30 цагт товлож, шүүгдэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулах бөгөөд шүүгдэгч нь шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй бол шүүхээс албадан ирүүлэх, эсхүл таслан сэргийлэх арга хэмжээ авах, өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх  үндэслэл болох талаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан.

Шүүгдэгч Х нь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар түүнийг хүнд өвчтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймээс шүүх шүүгдэгч Х-г  шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ үл биелүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.

САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек