ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨЛӨӨГҮЙ ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧИД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ
2024-06-17 Админ Хандсан тоо: 125 ХуваалцахБаян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 он 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШШ/430 дугаартай шийтгэвэр,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Иргэн О нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд төлөхгүй, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдсэн гэж эрх бүхий албан тушаалтан буюу Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс шийтгэл оногдуулах саналыг шүүхэд ирүүлжээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100.000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.
Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэтгэлэг төлөгч О нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг 3 сараас дээш хугацаагаар буюу 7 сарын хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн “шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй” гэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч О-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэв.
САНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек