ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮҮХЭД БУСДАД ҮРЧЛЭГДСЭНЭЭР ӨМНӨХ ЭЦЭГ, ЭХИЙН ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛНО
2024-05-13 Админ Хандсан тоо: 160 ХуваалцахСАНАМЖ: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн дугаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2024.01.26 №108
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Хүсэлт гаргагч М-ээс 1998 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ж-г төрүүлсэн эцэг Ш, төрүүлсэн эх М болохыг, Ж-г 18 нас хүртэл эцэг нь Ш, эх М нарын асрамжид байсныг тогтоолгох тухай шүүхэд хүсэлт гаргасан байна.
Хүсэлтийн үндэслэл нь: Хүсэлт гаргагч М нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 50 нас хүрч 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарах гэж материалаа бүрдүүлэхэд охин Ж-гийн эцэг нь Б гэж үрчлэлтийн лавлагаа гарч ирснээр охин Ж-д ноогдох 1 жил 6 сарыг өндөр насны тэтгэврийн хугацаанд оруулж тооцогдохгүйн улмаас Ж-гийн төрүүлсэн эцэг, эх нь мөн болохыг, 18 нас хүртэл эцэг, эхийн асрамжид байснаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан гэжээ.
Хүсэлт гаргагч М болон Ш нар нь 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ж-г Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “хүүхэд үрчлүүлэх тухай” 51 дүгээр захирамжаар өвөг эцэг Б-д үрчлүүлсэн байна.
Хэдийгээр эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй байх боловч хүсэлт гаргагч М нь охин Ж-г өвөг эцэг Б-д үрчлүүлснээр түүнийг тэжээн тэтгэх үүрэг нь дуусгавар болж чөлөөлөгдөж, үрчлэн авсан эцэг Б нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчилсан.Охин Ж-г өвөг эцэг Б-д үрчлүүлсэн үрчлэлт нь хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байх ба үрчилж авсан эцэг Б нь нас барснаар хүсэлт гаргагч М,Ш нарыг үрчлэгдэгч хүүхэд Ж-ийн асран хамгаалагчаар тогтоосон эрх бүхий албан тушаалтны эрхийн акт байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтоодог хэдий ч хүсэлт гаргагч М түүний нөхөр Ш нарын дундаас Ж төрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул тогтоогдож байгаа үйл явдлыг шүүх дахин тогтоохгүй бөгөөд хүсэлт гаргагч М-ээс 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ж-г ой хоёр сартай байхад нь хадам аав болох Б-д үрчлүүлснээр төрүүлсэн эцэг, эхийн үүрэг дуусгавар болж, үрчилж авсан эцэг Б-д эцэг, эхийн үүрэг үүссэн тул хүсэлтийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл