ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДААГҮЙН УЛМААС БУСДАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
2024-04-02 Админ Хандсан тоо: 155 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.11.15-ны өдрийн,104/ШШ2023/00527

Тоймын дугаар,огноо:  №1,  2024-02-01,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Тайван хариуцагч Чулуун, Болд болон Хээ ХХК, Овоо ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 114,564,750 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Чулуун хариуцагч Болдын эзэмшлийн ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан. Хариуцагч Болд Хээ ХХК-н түлш тээвэрлэлтэд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хариуцагч Овоо ХХК нь түлш ачилтыг хариуцан ажиллаж байсан.

Хариуцагч Чулуун тухайн ачааны автомашин нь миний эзэмшлийг хөрөнгө биш бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслийг надаар жолоодуулж тээвэрлэлт хийлгэснээс осол гарсан тул хохирлыг ганцаараа хариуцахгүй гэж маргасан.

Хариуцагч Болд осол болох үед тээврийн хэрэгслийн Чулуун жолоодож явсан бөгөөд тээврийн хэрэгсэл бүрэн бус тухай надад мэдэгдээгүй тул хариуцах үндэслэлгүй гэж, хариуцагч Хээ ХХК нь түлш тээвэрлэх тухай гэрээнд нэхэмжлэгч Тайван гэрээний нэг тал биш тул хохирлыг манай компаниас шаардах үндэслэлгүй гэж, хариуцагч Овоо ХХК нь манайх хариуцагч биш гэж тус тус маргасан.

Хариуцагч Хээ ХХК нь түлш тээвэрлэлтийг гүйцэтгэхээр Толгой ХХК-тай Түлш тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд Овоо ХХК нь тухайн гэрээнд түлш ачилтыг хариуцахаар гэрээний нэг тал болж оролцсон.

Тээвэрлэгч Хээ ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар хариуцагч Болдтой гэрээ байгуулсан, Болд хариуцагч Чулуунтай түлш тээвэрлэх ачааны автомашиныг жолоодуулах /тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх/-ээр харилцан тохирч автомашиныг түүнд шилжүүлсэн.

Зам тээврийн осол гарах өдөр хариуцагч Чулуун өөрийн жолоодож буй автомашины тоормос ажиллахгүй байгааг мэдсээр байж, тогтоосон хэмжээнээс илүү түлш тээвэрлэж явахдаа осол гаргаж нэхэмжлэгч Тайваны өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан.

Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй боловч жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул хариуцагч Чулуун, Болд нараас тус бүр 38,188,250 гаргуулах,  мөн тээвэрлэгч тал /Хээ ХХК/ техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр, тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй ачаа тээвэрлэх үүргээ биелүүлээгүй /туслан гүйцэтгэгчийн тээвэрлэлтэд хяналт тавьж чадаагүй/ тул хариуцагч Хээ ХХК-с 38,188,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тайванд олгохоор шийдвэрлэсэн.

Харин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дугаар зүйлийн 24.1.-д зааснаар тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй ачаа ачих, ачилтад хяналт тавих үүрэг тээвэрлэгч талд ноогдож байх тул Овоо ХХК-г хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/130940?daterange=2023-10-01%20-%202024-01-01&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа