УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА, ШИНЖЭЭЧИЙГ ХАРИУЦАГЧААР ТОДОРХОЙЛЖЭЭ
2024-04-01 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

Шүүгчийн захирамж, тогтоолын огноо, дугаар: 2024.01.19, 181/ШЗ2024/01896,2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/04249, 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 181/ШТ2024/00108,

Шүүгчийн захирамж, тогтоолын төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тойм: 2024.04.03. процесс-2

“Эко глобал ложистикс” ХХК-иас Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын их хурлын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Улсын их хурлын Хянан шалгах түр хорооны шинжээч, иргэн О.Мөнхбат нарт холбогдуулан “Улсын их хурлын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсгол /хоёр дахь шат 2023.12.18-ны өдрөөс 12.22-ны хооронд/-ын үеэр манай компанийг олон удаагийн давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр нүүрс гаргасан буюу “нүүрсний хулгай” хийсэн мэтээр улс орон даяар зарлаж ажил хэргийн нэр хүндийг гутаасан” гэж, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уг үндэслэлгүй мэдээг олон нийтийн хэрэгслээр дамжуулан няцаахыг хариуцагчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, нэхэмжлэлд хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаягийг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгах, уг шаардлагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. /62.1.3, 65.1.11/

Нэхэмжлэлд хариуцагчийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр гэж, хамтран хариуцагчийг УИХ-ын Хянан шалгах түр хорооны шинжээч, иргэн О.Мөнхбат гэж тодорхойлсон нь хариуцагчаар хуулийн этгээдийг буюу тухайн хуулийн этгээдийн албан тушаалтныг эсхүл иргэний хэн алийг нь тодорхойлсон нь ойлгомжгүй, хариуцагчийг тодорхой тусгах нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж шүүх үзээд “Эко глобал ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө гэж заасны дагуу, шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа  нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн Б.Энхбаяр, О.Мөнхбат нарыг тодорхойлсон бол иргэний овог, эцэг/эхийн нэр, оршин суугаа газрын хаягийг нэхэмжлэлд бүрэн тусгаж, улмаар түүний оршин суугаа газрын харъяалах нутаг дэвсгэрийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах, хэрэв хариуцагчаар хуулийн этгээдийг тодорхойлсон бол хуулийн этгээдийн оноосон нэр, хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа явуулж байгаа буюу удирдах байгууллага нь байгаа газрын хаягийг нэхэмжлэлд бүрэн тодорхойлж харъяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй талаар заав.

Мөн хариуцагчаар тодорхойлсон хуулийн этгээд нь иргэний эрх зүйн чадвартай эсэхийг анхаарах нь зүйтэй бөгөөд Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д ….Улсын Их Хурлын тогтоолоор уг хороог байгуулна гэж, 33.8-д Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. ….Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно гэж заасныг дурдсан байна.

“Эко глобал ложистикс” ХХК нь хариуцагчийг “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр” гэж тодорхойлон түүний ажлын газрын хаягийг дурдаж 2024.02.16-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан ба Иргэний хуульд зааснаар иргэн өөрийн нэрээр эрх үүргээ хэрэгжүүлдэг тул нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн Б.Энхбаярыг тодорхойлсон гэж шүүх үзэв. /ИХ-7.1, 20.3/,

Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлдог бөгөөд иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг …газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлдог /ИХ-22.1, 22.2/ тул нэхэмжлэлд иргэн Б.Энхбаярын ажлын хаягийг тодорхойлсон нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан гэж үзэхгүй. Учир нь: нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар зохицуулсан тул хариуцагчийн хаягийг тодорхойлсноор шүүхийн харъяалал тодорхойлогдох үр дагавартай.

Иймээс нэхэмжлэлд хариуцагч Б.Энхбаярын оршин суугаа газрын хаягийг тодорхойлоогүй тул шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй буюу өмнөх захирамжид заасан зөрчлийг арилгаагүй гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/04249 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас мөн татгалзаж, шийдвэрт нэхэмжлэгч “Эко глобал ложистикс” ХХК-д хариуцагч Б.Энхбаярын оршин суугаа газрын хаягийг тодорхойлж, хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдав.

Эко глобал ложистикс ХХК-иас “… УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдэгдлээ иргэний хувиар биш, УИХ-ын гишүүний хувиар буюу УИХ-ын Хянан шалгах түр хороогоор дамжуулж, индэр дээрээс олон нийтийн хэрэгслээр дамжуулан тараасан тул УИХ-ын гишүүний хувьд хариуцагч болно” гэх үндэслэлээр уг захирамжид гомдол гаргасан, тус шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр захирамжийг хянаж, 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 108 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, захирамжийн үндэслэлийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн байна.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа